måndag 22 mars 2010

Шууд хэрэгжих буцаах шийдвэрийн тухай

Шууд хэрэгжих буцаах шийдвэрийн тухай


Танд хамгаалуулах шаардлага эсвэл Шведэд үлдэх өөр шалтгаан байхгүй нь илт бол Цагаачлалын алба шууд хэрэгжих буцаах шийдвэр гаргана. Энэ нөхцөлд та аль болох хурдан Шведийг орхиж явах ёстой. Цагаачлалын алба шууд хэрэгжих буцаах шийдвэрийг цагаачлал хүссэнээс хойш гурван сарын дотор гаргана.

Хэрвээ та Шведэд ирэхийнхээ өмнө өөр улсад байж, хамгаалал авсан эсвэл тэнд хамгаалал хүсч болохоор байсан бол шууд хэрэгжих буцаах шийдвэр гарч болно.

Шийдвэрийг хүлээн зөвшөөрөх
Та буцаах шийдвэрийг хүлээн зөвшөөрч байгаа тухайгаа Цагаачлалын албанд мэдэгдэж болно (шийдвэрийг хүлээн зөвшөөрөх). Ингэсэн нөхцөлд та шийдвэрийг даван заалдаж болохгүй. Та даван заалдсан байгаа бол буцаах шийдвэрийг хүлээн зөвшөөрснөөр таны даван заалдах асуудал хаагдана. Буцаах шийдвэрийг нэгэнт хүлээн зөвшөөрсөн бол үүнийг эргүүлж авч болохгүй.

Даван заалдах
Та татгалзсан шийдвэрийг буруу гэж үзэж байвал даван заалдаж болно, гэхдээ та Шведэд үлдэж даван заалдалтын хариуг хүлээх эрхгүй. Танд мөн даван заалдахдаа туслуулах улсаас томилсон өмгөөлөгч авах эрх ерөнхийдөө байхгүй. Даван заалдах өргөдөл бичгэн хэлбэртэй байх ёстой ба та шийдвэртэй танилцсан өдрөөс хойш 21 хоногийн дотор Цагаачлалын албанд ирсэн байх ёстой.

Цагаачлалын алба энэ тохиолдолд таны асуудлыг эхлээд ахиж нэг сөхөж үзнэ. Цагаачлалын алба өөрийн шийдвэрийг өөрчлөхгүй бол таны даван заалдалтыг Стокгольм, Гётеборг эсвэл Малмо дахь захиргааны гурван шүүхийн аль нэгийн дэргэдэх Цагаачлалын шүүхэд шилжүүлнэ. Эдгээр шүүхийн аль нь байх нь таны цагаачлалын өргөдөлд татгалзсан шийдвэр гаргасан азюлийн (цагаачлалын) нэгж хаана байхаас хамаарна. Цагаачлалын шүүх Цагаачлалын албаны шийдвэрийг өөрчлөх эсвэл батлах аль нэг шийдвэрийг гаргана.

Цагаачлалын албаны буцаах шийдвэр
Шууд хэрэгжих буцаах шийдвэр авахын үр дагавар:

— Та аль болох хурдан Шведээс явах ёстой
— Цагаачлалын албанаас зохион байгуулах сургалт, дадлага гэх мэт үйл ажиллагаанд хамрагдах боломж хязгаарлагдмал болно
— Хүүхэд Шведээс явтлаа сургуульд явах болон эмнэлгээр үйлчлүүлэх эрхтэй
— Та нутаг буцах дээр Цагаачлалын албатай хамтарч ажиллаж байгаа нөхцөлд өдрийн тэтгэлэг болон яаралтай эмнэлгийн тусламж авах эрхтэй.

Та буцах шийдвэр авсан үед Шведээс явах асуудал таны хариуцлага болно. Та шаардлагатай бол хүчинтэй зорчих бичиг баримт гаргаж ирэх болон бусад талаар буцах аялалаа төлөвлөх үүрэгтэй. Цагаачлалын алба таныг нутаг буцах асуудлаараа хамтарч ажиллаж байгаа нөхцөлд таны аяллыг хөнгөвчлөх үүднээс танд ойр зуурын дэмжлэг үзүүлж чадна.

Та онгоцоор буцах бол агаарын компаниуд ачаа тээшийн тусгай журамтай. Таныг буцахын өмнө Цагаачлалын албаны ажилтнууд таныг хичнээн хэмжээний ачаа тээш авч явах эрхтэйг хэлж өгнө. Танд тэрнээс илүү ачаа тээш байгаа бол илүү тээшний төлбөрийг та өөрөө төлөх болно.

Та Шведээс явахынхаа өмнө өөрийн LMA-картыг хүлээлгэж өгнө. Та Цагаачлалын албанаас өмнө нь мөнгөн тэтгэлэг авч байсан бол банккартаа бас хүлээлгэж өгнө.

Та хамтарч ажиллахгүй бол
Та Шведээс явахдаа ямар байдлаар явах нь таны өөрийн үйлдлээс шууд хамаарна. Цагаачлалын алба таныг татгалзсан шийдвэр авсаныхаа дараа нутаг буцах асуудлаар хамтарч ажиллахгүй байна гэж дүгнэвэл дараах арга хэмжээ авах эрхтэй:

— Өдрийн тэтгэлэг авч байсан бол хэмжээг нь хасах
— Хэрэв Цагаачлалын алба таныг зайлсхийж магадгүй гэсэн дүгнэлт хийвэл таныг бүртгүүлэх журамд хамруулах эсвэл хөл хорих эрхтэй.

Бүртгүүлэх журамд хамруулах гэдэг нь та тодорхой цагт тодорхой газар тогтмол очиж өөрийгөө бүртгүүлж, өөрийн паспорт эсвэл өөр бичиг баримтыг түр хураалгуулах явдал юм. Та мөн үүнээс гадна өөр тусгай шаардлага хангах хэрэгтэй болж болно.

Таныг хөл хорино гэдэг нь таны хөдөлгөөнийг хязгаарлаж хөл хорих (цоожтой) газар байлгана гэсэн үг юм. Хөл хорих газрын байрыг Цагаачлалын алба хариуцна. Хүүхдийг бүртгүүлэх журамд хамруулахад хангалтгүй гэсэн дүгнэлт хийвэл бас хөл хориж болно. Хүүхдийг хөл хорихын тулд насанд хүрсэн хүнээс илүү хүнд шаардлага тавигдана. Өөрийн хариуцагчгүйгээр Шведэд ганцаараа байгаа хүүхдийг хорих шалтгаан илт байгаа нөхцөлд л хориж болно.

Та Шведээс явах асуудлаараа хамтарч ажиллахгүй эсвэл зайлсхийж, буцаах шийдвэрийг хэрэгжүүлэх (таныг явуулах) боломжгүй болговол, Цагаачлалын алба таны асуудлыг Цагдаагийн албанд шилжүүлнэ. Цагдаа энэ нөхцөлд таныг эрэн сурвалжлаж, хайх эрхтэй. Цагдаа мөн таныг Шведээс явуулахын тулд албадлага хэрэглэх эрхтэй. Таны асуудал цагдаад шилжсэний дараа та заавал цагдаагийн тусламжтайгаар буцна.

Inga kommentarer:

Skicka en kommentar